14 Nov 21-р зууны шилдэг сурталчилгааны компанит ажлууд
21-р зуун бол “Дижитал эрин зуун”. Дижитал технологийг ашиглан сурталчилгаагаа богино хугацаанд, маш олон хүнд хүргэх боломж нээгдсэн энэ зуунд нүд бүлтийлгэж, чих дэлдийлгэм, хормын төдийд хэдэн сая хүнд амжилттай хүрсэн сурталчилгаанууд олноороо хийгдсэн.
Эдгээр сурталчилгааны компанит ажлуудаас Advertising Age сэтгүүл тусгай шүүгчдийн бүрэлдэхүүнтэйгээр 15-ыг шалгаруулсан бөгөөд шалгаруулалт хийхдээ шинэ зууны технологийн дэвшлийг оновчтой, үр өгөөжтэй ашигласан эсэх, брэндийнхээ өгөх мессежийг хангалттай сайн гаргаж чадсан эсэх, ойлгоход хялбар, мартагдахгүй байх шинж чанар байгаа эсэх зэргийг харгалзан үзжээ. Ингээд бид та бүхэнд шилдгээр шалгарсан 5 компанит ажлыг танилцуулж байна. Бусад компанит ажлуудтай дараах линкээр орж, дэлгэрэнгүй танилцах боломжтой http://adage.com/lp/top15/#intro
1. DOVE БРЭНД “CAMPAIGN FOR REAL BEAUTY” КОМПАНИТ АЖИЛ
2007 онд хийгдсэн энэ компанит ажил нь зөвхөн DOVE савангийн борлуулалтыг өсгөөд зогсохгүй, нийгмийн дунд байдаг гоо үзэсгэлэнгийн тухай тогтсон ойлголтыг эвдэж чадсанаараа алдартай. Эмэгтэй хүний жинхэнэ гоо үзэсгэлэн юунд байдаг вэ? гэсэн сэдвийг хөндөж, бүсгүйчүүдийг өөртөө итгэлтэй байхыг уриалан маш олон шатлалтай ажлууд хийсний үндсэн дээр нийгэмд эерэг ойлголтуудыг бий болгож, брэндийнхээ нэр хүндийг ч гайхалтай өсгөж чадсан юм.
ЭНД ДАРЖ ВИДЕО ҮЗНЭ ҮҮ: Interview with Campaign for Real Beauty
2. NIKE+ КОМПАНИТ АЖИЛ
Ашиг орлогоороо дэлхийд тэргүүлэгчдийн нэг APPLE компани NIKE брэндтэй хамтран FUEL ухаалаг бугуйвчийг танилцуулсан нь маркетинг төдийгүй технологийн салбарт том эргэлтийг авч ирсэн юм. FUEL бугуйвч нь алхалт, гүйлт, харайлт гээд идэвхтэй хөдөлгөөн бүрийг хэмжих бөгөөд ухаалаг утастай холбогдож, тусгай аппликейшний тусламжтайгаар тухайн хүний хөдөлгөөний идэвхи, эрүүл мэндийн байдалд дүн шинжилгээ хийдэг. Уг компанит ажлын хүрээнд бугуйвч, аппликейшн хийгдээд зогсохгүй өөрийн дасгал хөдөлгөөнийхөө үзүүлэлтүүдийг бусадтай хуваалцах олон нийтийн суваг хүртэл нээсэн нь гайхалтай амжилтыг олсон.
ЭНД ДАРЖ ВИДЕО ҮЗНЭ ҮҮ: NIKE FUELBAND – THE INSIDE STORY
ЭНД ДАРЖ ВИДЕО ҮЗНЭ ҮҮ: No. 2 Nike – Fuelband Does it All
3. BMW-ИЙН КИНО “THE HIRE”
Youtube гарахаас 4 жилийн өмнө, BMW-ийнхан “The hire” нэртэй богино хэмжээний киног 17 сая ам.доллар зарцуулан бүтээж, өөрийн вэбсайтдаа байрлуулсан нь хэзээ ч амжилт олохооргүй шийдэл байсан гэлтэй. Гэтэл энэхүү 3 цуврал кино нь санаанд оромгүй олон амжилтуудыг авч ирж, 21-р зууны шилдэг сурталчилгааны компанит ажлуудын тэргүүн эгнээнд явсаар.
Тухайн үед Youtube байхгүй байсан учраас цуврал киног BMW өөрийн вэбсайт дээрээ байрлуулж, хүмүүст хүргэсэн. Тэд судалгаа хийж, 2000 он гэхэд вэбсайтад байрлуулсан видео, уламжлалт сувгуудын видеог үзэлтээрээ давна гэж тооцсон бөгөөд BMW-аас машин үзэхээр ирэхийнхээ өмнө хэрэглэгчдийнх нь 75% нь вэбсайтаар нь орсон байдаг гэсэн судалгаа ч энэ шийдвэрт нь голлох нөлөө үзүүлжээ.
ЭНД ДАРЖ ВИДЕОГ ҮЗНЭ ҮҮ: The Hire – Star (by BMW Films)
4. OLD SPICE “THE MAN YOUR MAN COULD SMELL LIKE” КОМПАНИТ АЖИЛ
Old spice брэндийнхэн 2009 оны сүүлээр “The man your man could smell like” нэртэй сурталчилгааны компанит ажлаа эхлүүлсэн. Тухайн үед хэрэглэгчийн худалдан авалтын онцлогийг тодорхойлох судалгаа хийж үзэхэд, эрчүүдийн биеийн шингэн саван худалдан авалтын ихэнх хувийг эмэгтэйчүүд хийдэг болох нь тогтоогдсон бөгөөд энэ шалтгааны улмаас эмэгтэйчүүд old spice-ийг биш, эмэгтэйлэг, зөөлөн үнэртэй бусад төрлийн биеийн шингэн саванг нөхөр, найз залуудаа сонгодог болох нь харагджээ.
Тиймээс Old spice брэндийнхэнд сурталчилгааны компанит ажлаа эрчүүдэд бус бүсгүйчүүдэд чиглүүлэх шаардлага гарсан байна. Бүсгүйчүүдэд хандан, эрчүүдийгээ эр хүн шиг үнэртэй байлгая гэсэн мессеж өгөх зорилгоор хийгдсэн уг цуврал сурталчилгаанууд нь хошин өнгө аястай хийгдсэн бөгөөд анхны VIRAL реклам болж чадсаныг хүртээмж, яригдсан, дуурайгдсан байдлаар нь тодорхойлж болдог.
ЭНД ДАРЖ ВИДЕОГ ҮЗНЭ ҮҮ: Old Spice Responses Case Study
5. RED BULL БРЭНДИЙН “STRATOS” КОМПАНИТ АЖИЛ
Олон нийтийн анхаарлыг татахад бэрх болсон үе буюу 2012 онд Red bull брэнд Stratos нэртэй нэгэн том төслийг хэрэгжүүлсэн. Компанийн удирдлагууд уг төслөө брэндийг сурталчлах зорилготой ажил биш гэж мэдэгдээд, ямар нэгэн мэдээллийн хэрэгслээр энэ төслийг брэндтэйгээ холбон сурталчилгаа хийгээгүй хэдий ч төслийн талаарх мэдээлэл, бичлэг олон зуун мэдээллийн сувгаар тэр дороо түгэж, дэлхий нийтийн анхаарлыг татсан билээ.
Энэхүү төслийнхөө хүрээнд Red bull брэнд Австрийн шүхэрчин Felix Baumgartner-ийг далайн түвшнээс дээш 24 милийн өндрөөс чөлөөт уналт хийж, Гиннесийн 5 төрлийн рекордыг эвдэхэд нь тусласан юм. Төсөл амжилттай хэрэгжиж, шүхэрчин зорилгоо биелүүлсэн бөгөөд харин Red bull борлуулалтаа АНУ-д л гэхэд 7% буюу 1,6 тэрбум ам.доллараар өсгөж чадсан юм.
ЭНД ДАРЖ ВИДЕОГ ҮЗНЭ ҮҮ: Red Bull Stratos
Sorry, the comment form is closed at this time.